Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол наадам-Стокгольм 2018 амжилттай боллоо PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Monday, 09 July 2018 07:01
Нарыг бөхтэй, морьтой, суртай, шагайтай нь айлсуулдаг Монгол наадам Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам. Эрxэм xүндэт наадамчин олон та бүxэндээ Тулгар төрийн 2227, Иx Монгол Улс байгуулагдсaны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын Xувьсгалын 97 жилийн түүxт ойн баярын мэнд xүргэхийн ялдамд жил бүр уламжлал болон зоxион байгуулагддаг Швед дэx Монголчуудын Стокгольм- 2018 баяр наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Швед дэх Монголчуудын Холбоо ажиллаж, Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Швед дэх Монголын Залуучуудын Холбоо, Ардын урлагийн Гэгээн эгшиг хамтлаг, Шагайн холбооны салбар зөвлөл, Слава Фото студи, Сонгодог урлаг, бүжгийн сургалтын ”MoD” төв, спортын Од клуб, Төгс билэгт төв, волейболын Сүлд клуб, Kamala суши зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллалаа. Мөн бусад уран бүтээлчид, иргэд, бяцхан авьяастнууд маань туслаж, хамтран ажиллалаа. Наадмын үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1500 орчим гадаад дотоодын иргэд оролцлоо. Баяр наадмын урлагийн тоглолтыг Ардын урлагийн "Гэгээн эгшиг" хамтлаг хариуцан зохион байгуулж, олон сайхан уран бүтээлээ толилуулсан бөгөөд шинэ уран бүтээл гаргаснаа наадамчин олондоо танилцууллаа. Монгол Улс, Шведийн Вант Улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, тус улсад суугаа Монголчуудынхаа чин сэтгэлийн илэрхийлэл болгох зорилготойгоор Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, ая зохиогч Л.Энхмэндийн аялгуу, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Яруу найрагч Б.Энхтуяагийн шүлэг "Дөлгөөн намуун Швед минь" дууг авьяаслаг залуу дуучин Ш.Ононбаяр дуулж клип бүтээснээ наадамд оролцогчдод толилуулсан нь онцлог байлаа. Улс орнуудын харилцаа хамтын ажиллагаа, иргэдийн чин сэтгэлийг илэрхийлсэн энэхүү дууг Швед иргэд мөн талархан хүлээж авч байгаагаа илэрхийлж байв. Клипний Ерөнхий ивээн тэтгэгчээр "Швед дэх Монголчуудын Холбоо" ажилласан байна. Ардын хувьсгалын 97 жилийн ой Швед Улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд нийтдээ 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын харьяат аймгийн начин С.Оргилболд түрүүлж , Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн начин М.Батмөнх үзүүрлэлээ. Их шөвөгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат аймгийн начин Н.Отгонбаатар, Дархан-Уул аймгийн харьяат сумын начин Б.Батбаяр нар үлдлээ. Уран барилдааны шагналыг залуу бөх Б.Тэмүүжинд олголоо. Өсвөрийн хүүхдийн барилдааныг 2 насны ангиллаар явуулснаас 6-8 насанд 1-р байр Б. Угтах-Ирээдүй, 2-р байр Б.Өсөх-Ирээдүй, 3-р байр Э.Төгөлдөр. 9-12 насны ангилалд 1-р байр Р.Төгөлдөр, 2-р байр Г.Тэмүүлэн, 3-р байр Э.Магалжав нар тус тус эзэлж хурсан олон болон ээж ааваа баясгаж, баярлууллаа. Монгол наадам Стокгольм -2018 баяр наадамд Сурын харвааны спортын мастер Г. Ганчимэг тэргүүтэй 30 харваач цэц мэргэнээ сорин харвалаа. Харваачид маань нийт 16 сум тавьснаас нийслэлийн Багануур дүүргийн харьяат спортын мастер Г.Ганчимэг 12 онож тэргүүлсэн бол залуу харваач М.Энхболд 10 онож хоёрдугаар байр , залуу харваач Б.Солонго 9 онож гуравдугаар байр эзэллээ. Энэ жилийн хувьд их олон хүн өөрийн нум сумтай болсон байсан нь олзуурхууштай, Шведийн Вант улсын байт харвааны тамирчин Томас монгол нум сум захиалж хийлгүүлэн ирж оролцсон бөгөөд олон хүн сур харвааг сонирхож, үзэгчид дэмжигчидээр талбай дүүргэсэн сайхан наадам боллоо.
Баяр наадмын үйл ажиллагааны шагайн харваанд 8 багийн 50 гаруй, хүүхдийн харваанд 14 хүүхэд оролцлоо. Төв аймгийн харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Энхтүвшин ахлагчтай баг нэг ч хожигдолгүй итгэл төгс түрүүлж, Дундговь аймгийн харьяат Ө.Батсайхан ахлагчтай баг удаалж, Сэлэнгэ аймгийн харьяат Г.Баяржаргал ахлагчтай баг 3-р байранд орлоо. Хувийн цуваа харваанд 20 сум тавьснаас Хэнтий аймгийн Дадал сумын харьяат О.Батзориг түрүүлж Дундговь аймгийн харьяат Ө.Батсайхан удаалж, Булган аймгийн харьяат Г.Сэлэнгэбаатар гутгаар байранд орлоо. Хүүхдийн харваанд 1-р байр А.Мөнх-Оргил, 2-р байранд Г.Хангал, 3-р байранд Э.Одхүү нар эзэллээ. Хүүхдийн гүйлтийн болон мини теннисний тэмцээнүүд насны ангиллаар зохиогдож аваргууд, медальтнуудаа тодрууллаа. Швед дэх монголчуудын наадамд Швед дэх Монголчуудын Холбооны Баруун эргийн салбар зөвлөл, шагайн харваачид урьд урьдын наадмаас илүү зохион байгуулалттай, олон бүрэлдэхүүнтэй оролцсонд талархаж байна. Баяр наадамд Швед, Норвеги улсын иргэд, Монголоос болон Норвеги, Даний Вант Улс, БНФинландУ, БНПУ, БНЧУ, ХБНГУ, БНУУ, АНУ гэх зэрэг орноос олон зочид хүрэлцэн ирсэн байлаа.
Монголчуудын өнө эртний түүхтэй өв соёлыг хадгалж, Монгол түмний хүндэтгэлийн үйл ажиллагаа наадамдаа хүрэлцэн ирсэн нийт наадамчин олондоо талархсанаа илэрхийлье! Монгол түмэн, анд нөхөд та бүхэн маань хотлоороо сайхан наадаарай.
 

Links