Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
III. Эдийн засгийн гадаад харилцааны бодлого PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 8
МууМаш сайн 
Гадаад бодлого - Гадаад бодлогын үзэл баримтлал
There are no translations available.

III. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

15.Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн дээр тус Улсын эдийн засгийн хэтийн болон цаг үеийн зорилтыг зохистой шийдвэрлэхэд гадаад хүчин зүйлийг оновчтой ашиглах, улмаар улс орны эдийн засгийг бүс нутгийн интеграцид өөрийн гэсэн байр суурьтай болгоход оршино.

16.Гадаад улс орнуудтай эдийн засгийн харилцаа хөгжүүлэх, хамтран ажиллахдаа эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, аль нэг орноос хэт хараат байдалд орохоос сэрэмжлэхийн хамт олон улсын аж ахуйн харилцааны зарчим, хэм хэмжээг баримтлан эрх тэгш, харилцан ашигтай байх, хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, улс төрийн болон бусад даралт шахалтад автахгүй байх нөхцөл бүрдүүлэх бодлого явуулна.

17.Эдийн засаг, гааль, худалдааны тусгай бүс байгуулах, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах, концесс олгох зэрэг хөтөлбөрийг улс төр, эдийн засгийн үр дагаврыг нь нарийн тооцож үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй, эдийн засгийн үр ашигтай байхуйцаар ашиглана.

18.Үндэсний ашиг сонирхолд ихээхэн нөлөө бүхий төслийг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах улс буюу түншийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс сонгохыг чухалчилна.

19.Гадаад өрийн асуудлыг улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хохиролгүйгээр зохицуулж, зээлийг эгүүлэн төлөх баталгааг нь нарийн тооцож зөв тогтоосны үндсэн дээр авч, үр дүнтэй ашиглана.

20.Монгол Улс эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

1/ эдийн засгийн гадаад харилцааны үйл ажиллагааг улс орны эдийн засгийн чадавхи, экспортын чиглэлийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, эдийн засгийн дэд бүтцийг бүрэлдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

2/ Монгол Улсын эдийн засгийн түүхий эд зонхилсон чиглэлийг өөрчилж, оновчтой бүтцийг бүрэлдэхүүлэхэд чиглэсэн үндсэн салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай уялдуулан эрдсийн болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг хамгийн үр ашигтай хэмжээнд хүргэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

3/ одоо байгаа үйлдвэрүүдийг орчин үеийн шилдэг техник, технологиор шинэчлэн тоноглох, хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хими, биотехнологи, шинэ материалын зэрэг экспортын чиглэлтэй аж үйлдвэрийг өөрийн орны түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх чиглэл баримтлах;

4/ экспортын чадавхийг дээшлүүлэхдээ алт, зэс, молибден, уран зэрэг эрдэс түүхий эдийг боловсруулах, бзүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадаад орнуудтай хамтран ажиллах;

5/ монголын экспортын бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх;

6/ улс орны түлш-эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам тээврийн таатай нөхцөл бүрдүүлэх;

7/ олон улсын, ялангуяа Зүүн-хойд Азийн зам, тээвэр, мэдээлэл, харилцаа, холбооны сүлжээнд нэгдэж орох;

8/ импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлтэй дунд, жижиг үйлдвэрийг хөгжүүлэхэд гадаадын зээл тусламж, технологи авах бодлого баримтлах;

9/ монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлж, үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх;

10/ гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөл олох, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах статусыг тодорхой хугацаанд хадгалах.

 

Холбоос