Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“БУЦААХ ТУХАЙ ЖУРАМ” (RETURN DIRECTIVE)-ЫН ТУХАЙ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 17 April 2012 12:01

Европын орнуудад цагаачлах хүсэлтэй гадаадын иргэд болон хууль бусаар амьдарч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын Холбооноос “Буцаах тухай журам” /Return Directive/ гаргасан байна. Европын Холбооны гишүүн орнууд цагаачлалын асуудлаарх дотоодын хууль тогтоомжуудаа энэхүү журамд нийцүүлэн өөрчлөх ёстой бөгөөд Шведийн Вант Улсын хувьд 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн мөрдөж эхэлнэ.



Дээрх журмыг мөрдөж эхэлснээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө болон хойш Шведийн цагаачлалын албанд хандан цагаачлах хүсэлт гаргасан хүсэлтдээ татгалзсан хариу авсан иргэдэд шийдвэрийн байдлаас хамааран 2-4 долоо хоногийн дотор Шенгений бүс нутгаас гарах шаардлага тавих бөгөөд хэрэв заасан хугацаанд буцаж амжаагүй эсхүл буцаагүй иргэдийн Шенгений бүс нутагт нэвтрэх эрхийг 1-5 жил хүртэл хугацаагаар хасах ажээ. 

Шведийн цагаачлалын албанд цагаачлах өргөдөл гаргасан иргэдэд өгөх татгалзсан хариу нь дараах төрлийн шийдвэрүүд байна. Үүнд:

1.    Хүлээн авахаас татгалзах /’a refusal of entry’/

2.    Албадан буцаах /’expulsion order’/

Хүлээн авахаас татгалзах шийдвэр авсан иргэд 2 долоо хоног, Албадан буцаах шийдвэрийн хувьд 4 долоо хоногийн дотор тус тус Шенгений бүс нутгаас гарах ёстой болно.

Заасан хугацаанд Шенгений бүс нутгаас гарсан эсэхээ тухайн хүн өөрөө нотлох ёстой бөгөөд ингэхдээ Цагаачлалын албанаас олгох “Хилээр гарсан нотолгоо”-ны бичгийг хилийн шалганд өгнө. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар уг бичгийг хилээр гарахдаа өгөөгүй тохиолдолд хилээр гарсныг батлах буцах нислэгийн тийз, паспорт дээрх хил гарсан тамга, тэмдэглэгээ зэргийг өөрийн оронд байгаа болон хамгийн ойр байгаа Шведийн ЭСЯ-нд үзүүлэх эсхүл эдгээр нотлох баримтын хуулбарыг Шведийн Цагаачлалын албанд илгээнэ.

Шведийн Цагаачлалын алба тогтоосон хугацаанд гарснаа нотолж чадаагүй иргэдийн Шенгений бүс нутагт дахин нэвтрэх эрхийг 1-5 жилээр хасах эсэхийг шийднэ.

Паспорт авах, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс гаргахад хүндрэлтэй байгаа зэрэг хүндэтгэх буюу онцгой шалтгаантай тохиолдолд тухайн иргэдийн хүсэлтийг үндэслэн Цагаачлалын алба Шенгений бүс нутгаас гарах ёстой хоногийг сунгаж болох боловч энэ тухайгаа тус албанд заасан хугацаанаас өмнө буюу яаралтай мэдэгдсэн байх ёстой.

Түүнчлэн зарим тохиолдолд Шведийн Цагаачлалын албанаас эцсийн хугацаа заахгүйгээр Шенгений бүс нутгаас шууд буцаах шийдвэрийг гаргаж болох бөгөөд ийм шийдвэрт хамрагдсан иргэдийн Шенгений бүс нутагт дахин нэвтрэх эрхийг шууд хасна.

Хэдийгээр 2-4 долоо хоногийн дотор гарах тухай шийдвэр аваад байсан боловч Цагаачлалын албанаас эдгээр иргэдийг заасан хугацаанд Шенгений бүс нутгаас явахгүй гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд эцсийн хугацаа заалгүйгээр шууд буцаах шийдвэр гаргаж болох бөгөөд эдгээр иргэдийн Шенгений бүс нутагт дахин нэвтрэх эрхийг нь мөн шууд хасах юм байна.

Тогтоосон хугацаанд буцаагүй болон 3 сарын дотор цагаачлалын асуудал нь шийдвэрлэгдэж, татгалзсан хариу авсан, яаралтай буцах ёстой /”Яаралтай хэрэгжих татгалзсан шийдвэр” гэж нэрлэдэг/ иргэдийн Шенгений бүс нутагт дахин нэвтрэх эрхийг хасах бөгөөд мөн түүнчлэн:

•    Нийгмийн аюулгүй байдалд аюул учруулна гэж үзсэн,
•    Гэмт хэрэгт холбогдон албадан буцаагдаж байгаа, 
•    Шведээс явахгүй, хууль бусаар оршин суух магадлалтай гэж тус тус үзсэн хүмүүсийн Шенгений бүс нутагт нэвтрэх эрхийг нь мөн хасна.

Шведээс явахгүй үлдэх магадлалтай иргэдийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

•    Өмнө нь заасан хугацаанд буцаж байгаагүй, Шведэд хууль бусаар нуугдан
амьдарч байгаа,
•    Шведээс явах сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн,
•    Цагаачлалын албанд хуурамч нэрээр өргөдлөө өгсөн,
•    Санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн эсхүл чухал мэдээллийг санаатайгаар
орхигдуулсан,
•    Хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон зэрэг болно.

Энэхүү журамд зааснаар гэр бүлийн гишүүн нь Швед эсхүл Шенгений бүсийн бусад оронд оршин суух эрхтэй иргэдийн эрхийг хасахгүй байх шийдвэрийг Шведийн Цагаачлалын алба гаргаж болно.

Шенгений бүс нутагт нэвтрэх эрхээ хасуулсан иргэд тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 3 долоо хоногийн дотор Цагаачлалын албанд давж заалдах эрхтэй бөгөөд нэвтрэх эрхээ хасуулсан нь Шведийн ЭСЯ-нд дахин хандах, Цагаачлалын албанаас оршин суух зөвшөөрөл авахад сөргөөр нөлөөлөх үндэслэл болохгүй болно.



Элчин Сайдын Яам

Стокгольм хот.                                                              2012 оны 4-р сар


 

Last Updated on Monday, 21 May 2012 09:51
 

Links